Гадаадаас мөнгөн гуйвуулга хийхэд анхаарах зүйлс

2021-02-19 07:46:00

Улс хооронд мөнгөн гуйвуулга хийх хэрэгцээ олон хүнд гардаг. Хэдийгээр технологи хурдтай хөгжиж, санхүүгийн салбарт ахиц өөрчлөлтүүд гарсаар буй боловч мөнгө шилжүүлэхтэй холбоотой хүндрэлүүд бүрэн арилаагүй. Иймд бид гадаадаас мөнгөн гуйвуулга хийх арга замууд болон юунд анхаарах ёстой талаар мэдээлэл бэлтгэлээ.
Дэлхийн 80 гаруй улсад 190 орчим мянган монгол иргэн оршин сууж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдэгдсэн нь бий. Эдгээр иргэнээс 2019 онд гэхэд гэр бүл рүүгээ 574.4 сая ам.доллар шилжүүлсэн нь тухайн үеийн ДНБ-ий 4.1 хувь, Монгол Улсын нийт татварын орлогын 16.6 хувьтай тэнцэхүйц дүн байв. Харин АХБ-ны гаргасан сүүлийн үеийн мэдээгээр энэ дүн 2020 онд 12 орчим хувиар буурсан нь юун түрүүнд цар тахлаас үүдэлтэй юм.

Гадаадад буй монголчуудын шилжүүлж буй энэ их мөнгө дараах гадаад гуйвуулгын үйлчилгээнүүдээр дамжин хийгддэг.

МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ТҮГЭЭМЭЛ АРГУУД БА АНХААРАХ ЗҮЙЛС

1. Банкны данс, картаар дамжуулах (Swift, CIBC, Visa Direct) 2. Бусад үйлчилгээгээр дамжуулах (Paypal, бусад гуйвуулгын үйлчилгээнүүд) 3. Хувь хүмүүс хоорондоо мөнгө солилцох байдлаар. Үүнээс эхний хоёр нь хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй байгууллага болох банк, санхүүгийн байгууллагаар дамжиж хийгддэг буюу тодорхой шалгуур, хяналттай явагддаг.

Харин хувь хүмүүс хоорондоо мөнгө солилцох (жишээ нь, Германд байгаа хүн Монгол руу франк шилжүүлэхийн оронд тэнд байгаа хүнд мөнгөө өгөөд Монголд байгаа хүмүүс нь хоорондоо тухайн дүнгээр нь төгрөгөөр мөнгө солилцох) арга нь хууль бус төдийгүй мөнгө угаалттай холбогдох, санхүүгийн залиланд өртөх, авлигыг гааруулах эрсдэлтэй, ямар нэгэн хяналт байдаггүй. Үүнийг олон улсад мөнгө угаалтын нэг төрөл болох "Hawala" гэж нэрлэдэг бөгөөд монголчуудын дийлэнх нь энэ аргыг ашигладаг. Энэ нь санхүүгийн боловсрол дутмаг байгаагаас шалтгаалан санхүүгийн байгууллагаас хууль ёсоор үйлчилгээ авах, үүгээр өөрийгөө эрсдэлээс хамгаалах, үйлчилгээний зохих төлбөрийг төлөх ёстой гэсэн сэтгэхүй үгүйтэй холбоотой. Манай улс өнгөрсөн жил ФАТФ-ын хар, саарал жагсаалтанд орж, "High risk" буюу "Өндөр эрсдэлтэй" орон гэж тэмдэглэгдсэнээр гаднын томоохон банкууд манайхтай харилцахдаа маш өндөр шалгуур, хяналт тавьдаг болсон талаар банкны салбарын мэргэжилтнүүд хэлж буй. Үүнээс үүдэн эх үүсвэрээ нотолж чадахгүй, хууль ёсоор мөнгө шилжүүлж чадахгүй хүмүүс дээр дурдсан, гурав дахь аргыг ашиглаж байгаа юм.

Банкаар мөнгө дамжуулахад AML (Antimoney Laundering буюу мөнгө угаахын эсрэг)-ээс шалтгаалан өндөр зардалтай, хугацаа их шаарддаг, нотлох бичиг баримт шаардах гэх мэт чирэгдэл ихтэй байдаг. Бас Монгол өндөр эрсдэлтэй орон гэгдсэн (санхүүгийн хяналтын тогтолцоо муугаас авлига, мөнгө угаалтад өртөх өндөр эрсдэлтэй) тул өндөр дүнтэй гүйлгээ хийхэд гадаадын банк асуулга авдаг болсон нь яаралтай мөнгө шилжүүлэх сонирхолтой хүмүүсийн хувьд багагүй хүндрэл болох талтай. Хэдий тийм ч гэлээ хууль ёсны байгууллагаар шилжүүлж, "Hawala"-г дэмжихгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.

Одоогоор SendMN, Moneygram гэх мэт албан ёсны эрхтэйгээр мөнгө шилжүүлдэг үйлчилгээнүүд илүү найдвартай, хялбар байгааг онцлох нь зүй. Шилжүүлэг хийхдээ мэдээж заавал албан ёсны дансаар дамжих ёстой. Мөн Virtual asset (blockchain)-аар дамжуулан гүйлгээ хийхийн эрсдэлийг сайтар ойлгож, судалж мэдэхийг бизнес эрхэлж буй хүмүүст зөвлөе.