Мөнгөн гуйвуулгын талаар таны мэдвэл зохих бүх зүйлс

2021-04-05 08:14:00

МӨНГӨН ГУЙВУУЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭ ДЭЛХИЙ ДАХИНД

Өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж буй иргэдийн эх нутаг руугаа шилжүүлсэн мөнгө тухайн улсын гадаад валютын хэмжээг нэмэгдүүлэхэд багагүй хувь нэмэр үзүүлдэг билээ. Ялангуяа манай улстай адил хөгжиж буй орнуудын хувьд гадаад улсаас орж ирэх мөнгөн гуйвуулгын эдийн засагт гүйцэтгэх үүрэг харьцангуй өндөр. 2019 оны байдлаар, дэлхий даяар 706 тэрбум доллартой тэнцэхүйц хэмжээний мөнгөн гуйвуулга хийгдсэнээс 78 хувь буюу 550 тэрбум нь ядуу буурай болон хөгжиж буй орны иргэдийн данс руу орсон байна.

Тус онд Тонга, Гаити, Непал зэрэг улсын ДНБ-ий бараг 1/3-ийг цагаач иргэдийнх нь мөнгөн гуйвуулга бүрдүүлсэн бол Монгол Улс ДНБ-ийнхээ 4.1 хувь, нийт татварын орлогын 16.6 хувьтай тэнцэхүйц валютыг гаднын улсад амьдарч буй иргэдээсээ хүлээн авсан гэх. Энэ үзүүлэлтээрээ бид хамгийн их валют хүлээн авдаг улс орны жагсаалтад 50-р байрт бичигджээ. Дэлхийн өнцөг булан бүрээс гадаад иргэдийн эх нутаг руугаа илгээж буй мөнгөн дүнгийн хэмжээ нь ч, төлж буй шимтгэл нь ч жил ирэх тусам өндөрсөж буй. 2009 онд зохиогдсон Их Наймын уулзалтын хүрээнд эдгээр улс таван жилийн хугацаанд олон улсын мөнгөн гуйвуулгын 10 хувийн шимтгэлийг таван хувь хүртэл бууруулах зорилт дэвшүүлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийг "5х5”хэмээн нэрлэжээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр тус салбарт мэдэгдэхүйц ахиц дэвшил гарч, гуйвуулгын шимтгэл жил ирэх тусам буурсаар буй нь сайшаалтай. Дэлхийн Банкны хийсэн судалгаагаар, гадаадад ажиллаж буй иргэд энэ хугацаанд 60 гаруй тэрбум долларыг зөвхөн шимтгэлийн зөрүүнээс хэмнэж чадсан байна.

2020 оны IV улирлын байдлаар, дэлхий даяарх шимтгэлийн дундаж хэмжээ 6.51 хувь байгаа бөгөөд уламжлалт банкны үйлчилгээ 10.73 хувь буюу хамгийн өндөр шимтгэлтэй юм. Тус салбарт финтек бизнесүүд хүч түрэн орж ирснээр шимтгэлийн хэмжээг багасгаж буй ч өнгөрсөн жилийн байдлаар нийт гуйвуулгын ердөө нэг хүрэхгүй хувь санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч мобайл аппаар дамжжээ.